Заан гэж
Заан



Заан нь одоогоор хуурай газар дээрх хамгийн том хөхтөн амьтан юм. Манай гариг дээр 400 гаруй төрөл зүйлийн заан нутаглаж байснаас Ази болон Африк гэсэн ерөнхий 2 төрөл үлджээ. Африк заан нь биеэр том ба том чихтэй байна. Мөн эм Африк заан соёотой байхад Ази эм заанд соёо байдаггүй. Зааны тоо толгой багассаар байгаа ба 2007 оны судалгаагаар Африк тивд 470,000-690,000 орчим байна.
Анатоми
Хамгийн том заан 1956 онд Ангол улсад бүртгэгдсэн байдаг. Мөрний өндөр нь 4.2м ба жин нь 12т байжээ. Эм заан 22 сарын турш үр төлөө тээдэг ба энэ нь хуурай газрын амьтдаас хамгийн удаанд тооцогдоно. Дөнгөж төрсөн зааны тугал дундажаар 120кг байна. Заан 50-70 наслах ба хамгийн өндөр насласан нь 82 хүрсэн тэмдэглэл бий. Заан нь урт хамар (хошуу), том чихээрээ онцлог ба богино хүзүүтэй. Зогсож байхдаа амаа газар хүргэж чадахгүй тул өвдгөө нугалан тонгойх, эсвэл булчинлаг урт хамраа ашиглан хоол тэжээл, ус гэх мэтийг амандаа авч хийдэг. Мөн хамраараа ус сороод биерүүгээ шүршин усалж сэрүүцнэ. Зааны хамрын үзүүр маш мэдрэмтгий эвлэг ба самар зэргийн жижиг зүйлийг ч чадварлагаар чимхэн авч чадна.
Үнэрлэх чадвар сайн хөгжсөн ба хамраа өндөрт сунгаж салхиар үлээгдэн ирэх үнэрийг ялгадаг. Сонсгол мөн сайн боловч хараа муутай, өнгө ялгахгүй. Зааны том чих нь судсаар дүүрэн ба энэ нь гүйсэн цусыг хөргөж биеэ сэрүүцүүлэхэд тусалдаг гэж эрдэмтэд үздэг аж. Африк эр зааны соёоны урт 3.5м, жин нь 90кг хүрэх тохиолдол бий. Ховор, өндөр үнэ хүрэх соёоноос болж хулгайн анчдын гарт өртөж алуулах нь цөөнгүй билээ.